• This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
  • +976 11-327957

Өргөдөл гомдол өгөх

СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ХЭРЭГЛЭГЧДИЙН ЭРХ АШГИЙГ ХАМГААЛАХ НИЙГЭМЛЭГТ 2015-2018 ОНД ИРСЭН САНАЛ ГОМДЛЫН АГУУЛГЫН БАЙДАЛ

           Сүүлийн 3 жил, 9 сарын хугацаанд хэрэглэгчдээс манай нийгэмлэгт бичгээр 24, утсаар 143 санал, гомдол ирүүлсэн бөгөөд эдгээрээс 12 хүний  2 сая гаруй төгрөгний хохиролыг  бид шүүхийн өмнөх шатанд барагдуулж, 90 гаруй санал, гомдлын дагуу хэрэглэгчдэд зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж, 60 гомдлыг холбогдох байгууллагад нь шилжүүлэн шийдвэрлүүлсэн байна.
          Тухайн жилүүдэд хэрэглэгчид ямар асуудлаар зонхилон гомдоллож байсныг он оноор харуулбал:
         2015 онд бичгээр 5, утсаар 36 гомдол санал хүлээн авч, ирсэн санал гомдлуудыг 22 агуулгаар  ангилан үзэхэд, 23,3% нь Сууц өмчлөгчдийн холбоо, шинээр орсон орон сууцны барилгын ашиглалт, үйл ажиллагааны доголдлын тухай асуудлууд байсан бөгөөд өнгөрсөн оныхоос 11,5%-иар өссөн нь дүүргийн ЗДТГ-ын Дэд бүтэц, тохижолтын хэлтэс, дүүргийн СӨХ-дын салбар зөвлөл зэрэг байгууллагууд энэ талаар ажлаа эрчимжүүлэх шаардлагатайг харуулж байлаа.


         Энэ онд ирсэн гомдлуудын тоо, агуулгын хэмжээ өмнөх жилийнхээс 20 хандлагаар буурсан, ялангуяа хүнсний бүтээгдэхүүний чанар, эрүүл ахуйтай холбогдсон гомдол 19,2%-иар буурсан эерэг үзүүлэлттэй, гар утасны худалдаа, хими цэвэрлэгээ, сууц өмчлөгчдийн холбооны ажил зэрэг ахуйн үйлчилгээтэй холбогдсон гомдлуудын эзлэх хувийн жин өнгөрсөн оныхоос 0,3-0,4%-иар өссөн сөрөг үзүүлэлттэй байлаа.
          Нийслэлийн ХЭАХН-ийн хэмжээнд 2014 ирсэн санал гомдлын агуулгын зарим дундаж үзүүлэлттэй 2015 онд ирсэн санал гомдлын агуулгыг харьцуулахад, манай дүүргийн хувьд хүнсний бүтээгдэхүүний чанар, эрүүл ахуйтай холбогдсон гомдлын эзлэх хувь  32.4%-èар доогуур,  орон сууцны барилгын чанар, СӨХ-дын үйлчилгээтэй холбогдсон гомдлын эзлэх хувь 11,5%, гэр ахуй цахилгаан бараа, гар утасны засвар, худалдаатай холбогдсон гомдлын эзлэх хувийн жин 1,2%-иар тус тус нийслэлийн дунджаас дээгүүр үзүүлэлттэй байлаа.
           2016 онд утсаар 47, бичгээр 6 өргөдөл, санал тус тус хүлээн авч шийдвэрлэсний 31,8% нь худалдагч, үйлчилгээний ажилтны зан харьцааны тухай, 30,1% нь ус, цахилгааны төлбөр буруу бичигдсэн, 10,6% нь зөөврийн интернет үйлчилгээний гэх мэтээр 20 орчим өнгийн асуудлаар гомдоллосон хандалт нь өнгөрсөн оныхоос 25%-иар өссөн бол шинээр баригдсан орон сууцны барилгын чанар, ашиглалтын зохион байгуулалт, барьцаалан зээлдүүлэх газруудын үйлчилгээ, сууц өмчлөгчдийн холбоодын ажлын талаархи гомдлууд тус бүр 10%, захын лангуугаар зарагдсан гар утасны чанар, гэр ахуйн тавилга үйлдвэрлэн борлуулагчдын үйлчилгээ, орон сууцны цахилгааны төлбөр өндөр байгаа зэрэг гомдлууд тус бүр 6,7%, худалдаа, үйлчилгээний байгууллагын ажилтнуудын зан харьцаа, хүнсний бүтээгдэхүүний чанар, эрүүл ахуй, хөргөгч засвар,  хими цэвэрлэгээ зэрэг  15 асуудлаарх гомдол тус бүр 3,3%-ийг тус тус эзлэж байна.
           2017 онд хэрэглэгчдээс утсаар болон бичгээр ирүүлсэн гомдлын тоо өнгөрсөн оныхоос 25%-иар буурсан бөгөөд, бичгээр 9, утсаар 31 санал гомдол хүлээж авсны 42%-ийг нь зөвлөн туслах үйлчилгээгээр, 58%-ийг нь гомдол үүсгэсэн газар дээр нь очиж шалган шүүхийн өмнөх шатанд тус тус шийдвэрлүүлсэн бөгөөд эдгээрийг 19 өнгөөр нь судалж үзэхэд: ирсэн гомдлын 33,3% нь байрны халаалт муу, хэрэглээний халуун хүйтэн усны тасалдал гарч байгаа тухай, 22,2% нь барьцаалан зээлдүүлэх үйлчилгээний газруудын талаар, гутал засварын газрын үйлчилгээний доголдол, орон сууцны дээврийн засвар чанаргүй хийгдсэн зэрэг асуудлаар тус бүр 11,1% нь, кабелийн телевизийн чанарын талаар 12,9%, худалдагчийн үйлчилгээний зан харьцаа, сууц өмчлөгчдийн холбооны ажлын талаар тус бүр  9,6%, эрчим хүчний үйлчилгээний байгууллагын ажил, төлбөр тооцооны талаар 6,5% нь тус тус гомдоллосон байна.
         Үүнийг  2016 оныхтой харьцуулахад худалдаа үйлчилгээний ажилтнуудын зан харьцааны тухай гомдол 22,0%-иар,  ус цахилгааны төлбөр бичилтийн маргааны гомдол 17%-иар тус тус буурч,  интернет үйлчилгээ, кабелийн телевизийн үйлчилгээний гомдол 3,0%-иар өссөн үзүүлэлт харагдаж байна.
        2018 оны эхний 9 сарын байдлаар нийгэмлэгт бичгээр 4, утсаар 29 санал гомдол тус тус хүлээн авч шийдвэрлэсэн бөгөөд, утсаар санал гомдол ирүүлэлт 46,6%-иар, нийт санал гомдлын хэмжээ 4,3%-иар өнгөрсөн оны мөн үеийнхээс  өссөн байна.
         Эдгээрийг 13 өнгөөр судлаж үзэхэд, дэлгүүр, цайны газруудад ажиллаж байгаа хүмүүсийн зан харьцааны  соёлгүй байдлын тухай гомдол 21.0%,  кабелийн телевиз, эрчим хүчний байгууллагын монтёр, засварчдын харилцааны дутагдлын талаар 12,3%, жижиг мухлаг, дэлгүүрээр худалдаалж байгаа түргэн гэмтэх бүтээгдэхүүн муудсан тухай болон СӨХ-дын үйлчилгээний хүнд суртлын талаарх гомдол тус бүр 8,2%-ийг эзлэж байна.
          Ялангуяа үйлчилгээний байгууллагад ажиллаж байгаа хүмүүсийн харилцааны соёлгүйтэй холбогдсон гомдлын тоо нийт гомдлын 34.0%-ийг эзлэж зонхилох хэмжээнд хүрсэн нь үйлчилгээний ажилтны буруутай үйл ажиллагаанаас гадна иргэдийн дунд өсөх хандлагатай байгаа нийгмийн бухимдалтай холбон ойлгож болохоор байна.
         Нийгэмлэгт ирж байгаа санал гомдлууд нь жил тутам 13-23 төрлийн агуулгаар ирдэг бөгөөд эдгээрийн дотроос: худалдаа үйлчилгээний ажилтнуудын зан харьцааны тухай, сууц өмчлөгчдийн холбооны хураамжийн тухай, цахилгаан эрчим хүчний төлбөрийг илүү бичсэн, монтёруудын ур чадвар зан харьцааны тухай, түргэн гэмтэх хүнсний бүтээгдэхүүнийг ТҮЦ-ээр худалдаалж байгаа тухай, автобусны буудлууд дээрх павьлионд халуун хоол, хуушуур хийж үйлчилж байгаа тухай, орон сууцны халаалт, барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ, гар утасны худалдаагаар засварласан чанар муутай утас худалдаж байгаа тухай зэрэг асуудлуудаар тогтмол ирдэг бөгөөд нийгэмлэгээс эдгээр асуудлуудыг хянаж, шалгаж үзээд боломжтой асуудлуудыг бие даан шийдвэрлэж, хэрэглэгчдийн хохиролыг барагдуулахын зэрэгцээ эдгээр гомдлуудын агуулга, цаашид дүүргийн ЗДТГ-ын холбогдох хэлтсээс анхаарч ажиллах талаар дүүргийн Засаг даргад хүргүүлдэг жил бүрийн тайлан, тухайн хэлтсүүдэд хаягласан албан бичгүүдээр тус тус мэдээлж хамтран ажилладаг болно.
      
         Цаашид хэрэглэгчдийн санал хүсэлтийг нийгэмлэгт хүлээн авах ажлыг хэрэглэгчдэд ойртуулах зорилгоор дүүргийн “Таван шар”, “Баян хошуу”, “Орбит” чиглэлийн газруудад санал гомдол хүлээн авах түр цэгүүдийг байгуулах зорилт дэвшүүлэн,  “Драгон” худалдааны төвийн дэргэдэх автобусны “Та Чи” буудал дээр №1 цэгээ байгуулан ажиллаж эхлээд байна.




                                                                      СХД-ийн Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг

Pin It