• This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
  • +976 11-327957

Өргөдөл гомдол өгөх

Хүнсчдийн их хурал ирэх сард болно

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам хамтран зохион байгуулсан “Мах, хүнсний ногооны хангамжийн баталгаат байдал” сэдэвт хэлэлцүүлэг 2019 оны тавдугаар сарын 6-ны өдөр Төрийн ордны Их танхимд болж өндөрлөлөө.

Хэлэлцүүлгийг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга үг хэлсний дараа Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Мэргэжлийн хяналтын Ерөнхий газар, Монголын Махны холбоо, төмс хүнсний ногооны үйлдвэрлэлийн салбарынхан үндсэн илтгэлээ танилцууллаа.

Тус хэлэлцүүлэгт Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Эрүүл мэндийн яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Монголын Махны холбоо, ШУТИС, “Монголын хөдөөг шинэчлэхийн төлөө фермерүүдийн холбоо” зэрэг төрийн болон төрийн бус байгууллагуудаас гадна Нийслэл, дүүргийн Хэрэглэгчдийн Эрх Ашгийг Хамгаалах нийгэмлэгүүдийн төлөөллүүд оролцлоо.

Хэлэлцүүлгийг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хэлсэн үгэндээ “Бид 30 жилийн өмнөөс урьд нь хүнс бэлтгэдэг, боловсруулдаг, худалдаалдаг байсан тогтолцоогоо өөрчилж, зах зээлийн тогтолцоо руу шилжсэнээр хүн бүр, өрх бүр үйлдвэрлэгч гэсэн ойлголт түгэн дэлгэрч, үүнтэй зэрэгцэн хүн бүр өөрсдийн дураар хүнс үйлдвэрлэгч, хүнс импортлогч, худалдаалагч болж хувирчээ...

Бид аливаа асуудлыг цогцоор нь буюу системээр нь харж, гарц, шийдлийг тодорхойлж, цаашид боловсруулах бодлого, гаргах шийдвэр, хэрэгжүүлэх арга хэмжээгээ уялдуулан зохицуулахгүй бол 10, 20 жилийн дараа мөн л өнөөдрийнх шигээ системийн гажуудалд орж, өнөө л ярьдгаа ярьсаар, хийдгээ хийсээр суух вий гэж болгоомжилж байна” гэсэн юм.

Хэлэлцүүлгийн үеэр Монголын Махны холбооны гүйцэтгэх захирал Б.Очирбат “Нөөцийн махыг бэлтгэхэд цаг, хугацаа оройтож байна. Сүүлийн жилүүдэд энэ ажил улсын төсөв, санхүүгийн байдлаас болж 11, 12 сард эхэлж байна. Энэ үед мал тууварлах, зөөвөрлөж төхөөрөх, мах бэлтгэх ажил нэгэнт өнгөрсөн байдаг. Нөөцийн махны борлуулалт, хуваарилалт, хүртээмжид тавих хяналт сул байдгаас зорилтот бүлэгтээ очихгүй байна. Мөн гадны орны наймаачид махыг их хэмжээгээр нөөцлөн дарж зохиомол хомсдол үүсгэж байна” гэв.

Харин Хүлэмжийн аж ахуй эрхлэгчдийн холбооны гишүүн Ц.Оюунгэрэл салбартаа тулгарч буй бэрхшээлээ “Төрийн бодлого тогтвортой бус, эргэлтийн хөрөнгийн урт хугацаатай зээл байдаггүй, агрономч, ногоочин дутагдалтай, хүнсний ногоог борлуулах нэгдсэн сүлжээ маркетинг байхгүй” хэмээн тодорхойлсон юм.
Мөн УИХ-ын гишүүн, Монголын Хүнсчдийн холбооны тэргүүн Д.Тэрбишдагва Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн хүнсний асуудлыг хөндөн ярьж буйд талархал илэрхийлээд Хүнсчдийн ээлжит бус онц хурлыг ирэх сард хуралдуулах шийдвэр, товоо зарлана гэлээ.

 

Pin It