Иргэний хуулиас

Хэвлэх

2002 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр

Улаанбаатар хот

АРВАН  ГУРАВДУГААР БҮЛЭГ

Барьцааны эрх

157 дугаар зүйл. Барьцааны зүйлийн талаар талуудын эдлэх эрх, хүлээх үүрэг

157.1.Барьцаалагч дараахь эрх эдэлнэ:

157.1.1.барьцаагаар хангагдах шаардлагын хэмжээнд барьцааны зүйлийн үр шимийг олж авах;

157.1.2.барьцааны зүйлийг худалдсан үнийн дүнгээс өөрийн шаардлагыг бусад үүрэг гүйцэтгүүлэгчээс тэргүүн ээлжинд хангуулах;

157.1.3.энэ хуулийн 157.2.2-т заасан хугацаанд барьцаалуулагч шаардлагыг хангах өөр арга сонгох буюу өөр зүйл барьцаанд бариулаагүй бол барьцааны зүйлийг энэ хуульд заасан журмын дагуу худалдах;

/Энэ заалтад 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар “энэ хуульд” гэснийг “хууль, гэрээнд” гэж өөрчлөлт оруулсан бөгөөд үүнийг 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө/

157.1.4.барьцаалуулагч энэ хуулийн 157.6.1-д заасан үүргээ зохих ёсоор биелүүлэхгүй байна гэж үзвэл барьцааны зүйлийг өөрийн эзэмшилд шилжүүлэхийг шаардах;

157.1.5.барьцааны зүйлийг эзэмшилдээ шилжүүлэн авсан бол түүний бүрэн бүтэн байдлыг хангаж үүнтэй холбогдон гарсан зайлшгүй зардлаа барьцаалуулагчаас шаардах.

157.2. Барьцаалагч дараахь үүрэг хүлээнэ:

157.2.1.өөрийн эзэмшилд авсан барьцааны зүйл устах, үнэ нь ихээхэн буурах бодит нөхцөл бий болсон бол барьцаалуулагчид нэн даруй мэдэгдэх;

157.2.2.энэ хуулийн 157.2.1-т заасан тохиолдолд, барьцаалуулагчид шаардлага хангах өөр арга сонгох буюу барьцаанд өөр зүйлийг  бариулах  боломжит хугацаа зааж өгөх;

157.2.3.энэ хуулийн 157.1.3-т заасны дагуу барьцааны зүйлийг худалдсанаас олсон мөнгийг барьцааны хугацаа дуустал хадгалах.

157.3.Үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагыг хангах зорилгоор хэд хэдэн зүйлийг барьцаалсан тохиолдолд гэрээнд өөрөөр заагаагүй бол барьцаалагч нь шаардлагаа хангах барьцааны зүйлийг сонгох эрхтэй боловч энэ нь тухайн шаардлагыг хангахад шаардагдах тоо, хэмжээнээс хэтэрч болохгүй.

157.4.Барьцааны эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулсан нөхцөл байдал бий болсон тохиолдолд барьцаалагч нь энэ хуулийн 92 дугаар зүйлд заасан эрхийг  эдэлнэ.

157.5.Барьцаалуулагч дараахь эрх эдэлнэ:

157.5.1.барьцааны зүйлийг эзэмшилдээ байлгах хугацаанд түүний үр шимийг олж авах;

157.5.2.энэ хуулийн 157.2.1-д заасан нөхцөл байдал бий болсон бол барьцааны зүйлийг буцаан авахаар шаардаж барьцаалагчийн шаардлагыг хангах өөр арга санал болгох;

157.5.3.барьцаалагч энэ хуулийн 157.1.5-д заасан үүргээ зохих ёсоор биелүүлэхгүй байна гэж үзвэл барьцааны зүйлийг бүрэн бүтэн байлгаж  чадах гуравдагч этгээдэд шилжүүлэхийг шаардах;

157.5.4.барьцааны зүйлийг дуудлага худалдаагаар худалдсанаас олсон орлогоос үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлага, дуудлага худалдаа явуулахтай холбогдсон болон бусад зайлшгүй зардлыг хасаад үлдсэн хэсгийг өөртөө шилжүүлэхийг шаардах.

157.6.Барьцаалуулагч дараахь үүрэг хүлээнэ:

157.6.1.өөрийнхөө эзэмшилд байгаа барьцааны зүйлийн бүрэн бүтэн байдлыг хангах;

157.6.2.барьцааны гэрээ байгуулах үед барьцаалах хөрөнгийн хувьд гуравдагч этгээдийн шаардлага байгаа бол түүнд барьцааны эрх үүссэн тухай  мэдэгдэх.

157.7.Барьцаагаар хангагдах шаардлагад барьцаалуулагч нь үүрэг гүйцэтгэгч биш бол үүрэг гүйцэтгэгчээс үүрэг гүйцэтгүүлэгчид гаргаж болох хариу шаардлагыг барьцаалуулагч гаргах эрхтэй.

157.8.Барьцаагаар хангагдах шаардлагыг үүрэг гүйцэтгэгч болон гуравдагч этгээд /барьцаалуулагч/-ийн хөрөнгөөр нэгэн зэрэг хангахаар бол уул шаардлагыг үүрэг гүйцэтгэгчийн хөрөнгөөр эхэлж хангуулах шаардлагыг барьцаалуулагч үүрэг гүйцэтгүүлэгчид тавих эрхтэй.

158 дугаар зүйл. Барьцаалагчийн шаардлагыг хангах

158.1.Шаардах эрх үүссэн буюу үүргийн гүйцэтгэлийг хангах хугацаа өнгөрсөн тохиолдолд барьцааны зүйлийг худалдах, бусад хэлбэрээр борлуулах замаар барьцаалагчийн шаардлагыг хангана.

158.2.Үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгүүлэгчид зохих төлбөр хийснээр барьцаалагчийн шаардлагыг хангасан гэж үзнэ.

158.3.Мөнгөн төлбөрийн шаардлагыг бүрэн буюу хэсэгчлэн хангах хугацаа болсон бол барьцаалагч нь барьцааны зүйлийг худалдан борлуулахыг шаардах   эрхтэй бөгөөд зөвхөн өөрийн шаардлагыг хангах  тохиолдолд энэ эрхийг эдэлнэ.

158.3.Хэрэв барьцаагаар хангах үүргийг гүйцэтгэх хугацаа болсон, эсхүл барьцааны гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй бол барьцаалагч нь барьцааны эрхээ хэрэгжүүлэхээр шаардах эрхтэй.

/Энэ хэсгийг 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан бөгөөд үүнийг 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө/

158.4.Барьцаагаар хангагдах шаардлагыг хангахын тулд хууль зүйн ач холбогдолтой ямар нэгэн үйлдэл хийх зайлшгүй шаардлагатай бол барьцаалагч уг үйлдлийг хийхийг барьцаалуулагчаас шаардах эрхтэй бөгөөд барьцаалуулагч  арван дөрөв хоногийн дотор энэ үйлдлийг хийгээгүй бол барьцаалагч барьцаалуулагчийн нэрийн өмнөөс гуравдагч этгээдтэй энэ үйлдлийг хийж болно.

158.5.Барьцааны зүйл нь хэд хэдэн этгээдэд барьцаалагдсан бол хамгийн түрүүнд түүнийг барьцаалсан этгээд уг зүйлийг борлуулахыг шаардах эрхтэй бөгөөд уг этгээд энэ эрхээ хэрэгжүүлэхээс татгалзсан бол дараагийн барьцаалагч шаардах эрхээ хэрэгжүүлнэ.

159 дүгээр зүйл. Барьцааны зүйлийг худалдах

159.1.Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол барьцааны зүйлийг энэ хуульд заасан журмын дагуу дуудлага худалдаагаар худалдана.

159.2.Барьцаалуулагч шаардсан бол барьцааны зүйлийг худалдахын өмнө түүний үнэлгээг шинжээчээр тогтоолгож болох бөгөөд холбогдох зардлыг барьцаалуулагч хариуцна.

159.3.Барьцааны зүйлийг худалдах ажиллагаанд барьцааны зүйлийн өмчлөгч оролцож, уг зүйлээ худалдан авах санал гаргаж болно.

159.4.Барьцааны зүйлийн үнийг төлөөгүй тохиолдолд худалдан авах эрхээ алдахыг  дуудлага худалдаанд оролцогчдод тайлбарласан байвал зохино.

159.5.Барьцааны зүйлийг хууль ёсоор, шударгаар олж авсан этгээдэд барьцааны зүйл эрхийн хязгаарлалтгүйгээр шилжинэ.

 

АРВАН НАЙМДУГААР БҮЛЭГ

Гэм хорыг арилгах

228 дугаар зүйл. Гэм хорыг арилгуулах эрх

228.1.Гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байдалд сэргээх үүрэгтэй. Зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй, эсхүл харьцангуй их зардал гарахаар бол гэм хорыг мөнгөөр нөхөн  төлж болно.

228.2.Хохирогч эрхээ сэргээлгэхээр гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээдэд тодорхой хугацаа тогтоож болох бөгөөд энэ хугацаанд үүргээ гүйцэтгээгүй бол мөнгөөр гүйцэтгэхийг шаардаж болно.

228.3.Эрүүл мэндийг хохироосноос хохирогч хөдөлмөрийн чадвараа алдсан буюу хөдөлмөрийн чадвар нь буурсан, эсхүл хэрэглээ зардал нь нэмэгдсэн бол гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд хохирогчид сар тутам  мөнгө  /тэжээн тэтгэхтэй холбогдсон тэтгэлэг/ төлөх замаар гэм хорыг арилгах үүрэгтэй.

228.4.Хохирогч эмчилгээний зайлшгүй зардлыг урьдчилан төлүүлэхээр гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээдээс шаардах эрхтэй.

228.5.Хохирогч мэргэжлийн хөдөлмөрийн чадвараа алдсан тохиолдолд дахин мэргэжил эзэмших зайлшгүй шаардлагатай бол үүнтэй холбогдсон зардлыг нөхөн төлөхөд энэ журам нэгэн адил хамаарна.

228.6.Хүндэтгэн үзэх шалтгаан байвал хохирогч энэ хуулийн 228.3-т заасан сар тутмын мөнгөн төлбөрийн оронд нэг удаагийн нөхөн төлбөр авахаар шаардаж болно.

229 дүгээр зүйл. Гэм хорыг арилгах хэмжээ

229.1.Үүрэг бүхий этгээд нь гэм хорыг арилгахдаа эд хөрөнгөд учруулсан бодит хохирол болон олох ёстой байсан орлогыг нөхөн төлөх үүрэгтэй.

229.2.Гэм хорын хэмжээг тодорхойлохдоо хохирогчийн ашиг сонирхол, гэм хор учирсан нөхцөл байдал, гэм хор учруулагчийн гэм буруугийн хэр хэмжээг харгалзан үзнэ.

230 дугаар зүйл. Эдийн бус гэм хорыг арилгах

230.1.Эдийн бус гэм хорыг арилгуулахаар хохирогч шаардах эрхтэй.

230.2.Гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд эдийн бус гэм хорыг мөнгөөр  нөхөн төлнө.

230.3.Гэм хор учрах буюу түүнээс урьдчилан сэргийлэх, учирсан гэм хороос үүдэн гарах хохирлын хэмжээ нэмэгдэхэд хохирогчийн  буюу эрх бүхий этгээдийн үйлдэл /эс үйлдэхүй/ нөлөөлсөн бол гэм хорыг арилгах үүрэг болон түүний хэмжээг тодорхойлохдоо тэдгээрийн гэм буруугийн хэмжээг харгалзана.

/Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль 2 дугаар бүлэг 5-р зүйлийн 5.4-ийг үзнэ үү/

232 дугаар зүйл. Анз

232.1.Хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль

болон гэрээнд  зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэнэ.

232.2.Дэнчингийн үүргээ биелүүлээгүй тохиолдолд анзыг нэгэн адил  хэрэглэж болно.

232.3. Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ.

/Энэ хэсэгт 2011 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

232.4.Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй.

232.5.Үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал нь төлөхөөр хууль болон гэрээнд урьдчилан тодорхой хэмжээгээр заасан, эсхүл гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн тодорхой хувиар тогтоосон анзыг торгууль гэнэ.

232.6.Хууль болон гэрээнд заасан  хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ.

232.7.Үүрэг гүйцэтгэгч  үүргээ хугацаанд нь биелүүлээгүй тохиолдолд анз төлөхөөр гэрээнд заагаагүй бол үүрэг гүйцэтгүүлэгч анз шаардах эрхгүй бөгөөд харин учирсан хохирлоо арилгуулахыг шаардах эрхтэй.

232.8.Анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно.

254 дүгээр зүйл. Эд хөрөнгийн доголдлын талаархи худалдан авагчийн эрх, үүрэг

254.1.Худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй.

254.2.Худалдан авагч нь баталгаат болон гомдлын шаардлага гаргах хугацаанд энэ хуулийн 254.1-д заасан шаардлагыг гаргаагүй бол тэрээр доголдлыг арилгахад шаардлагатай мөнгөний хэмжээгээр анхны үнийг бууруулахаар шаардаж болно. Энэ тохиолдолд үнэлгээг гэрээ байгуулах үеийн үнээр тодорхойлно.

254.3.Энэ хуулийн 251.3-т зааснаас бусад тохиолдолд худалдагч нь гэрээнд заасан тоо, хэмжээнээс дутуу эд хөрөнгө илгээсэн бол худалдан авагч уг эд хөрөнгийг хүлээн авахаас татгалзах эрхтэй.

254.4.Худалдан авагч энэ хуулийн 254.3-т заасан эд хөрөнгийг хүлээн авсан бол худалдагч нь гэрээний үнэд хувь тэнцүүлэн дутуу эд хөрөнгийн үнийг буцааж төлнө.

254.5.Худалдагчийн шилжүүлсэн эд хөрөнгө нь гэрээнд заасан тоо хэмжээнээс их байвал худалдан авагч уг эд хөрөнгийг хүлээн авч, үнийг нь гэрээний үнэд хувь тэнцүүлэн төлөх буюу гэрээнд заасан хэмжээнээс илүү хэсгийг худалдагчийн зардлаар буцаана.

254.6.Худалдагч эд хөрөнгийн баталгаат хугацаа тогтоосон бол энэ хугацааны дотор, баталгаат хугацаа тогтоогоогүй бол тухайн эд хөрөнгийг өмчлөх эрхийг шилжүүлэн авснаас хойш зургаан сарын дотор доголдлыг илрүүлсэн худалдан авагч энэ хуулийн 254.1-д заасан шаардлагын аль нэгийг гаргах эрхтэй.

254.7.Эд хөрөнгийн баталгаат хугацааг худалдан авагчид эрсдэл шилжсэн үеэс эхлэн тоолох бөгөөд хэрэв баталгаат хугацааны дотор гол доголдлыг илрүүлсэн бол худалдан авагчид эрсдэл шилжих үед уг доголдол байсан гэж үзнэ.

255 дугаар зүйл. Худалдан авагч шаардлага гаргах эрхээ алдах

255.1. Дараахь тохиолдолд худалдан авагч шаардлага гаргах эрхээ алдана:

255.1.1.эд хөрөнгө хүлээж авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээн авсан;

255.1.2.аж ахуйн үйл ажиллагаа эрхэлдэг худалдан авагч нь уг үйл ажиллагаатай холбоотой эд хөрөнгийг шилжүүлэн авах үедээ нэн даруй шалган авах үүргээ биелүүлээгүй;

255.1.3.тухайн эд хөрөнгийн доголдол нь худалдан авагч түүнийг тээвэрлэх, хадгалах, ашиглах журам зөрчсөнөөс, эсхүл гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдлын улмаас үүссэн.

255.2.Худалдагч эд хөрөнгийг шилжүүлэх үед түүний доголдлыг мэдсээр байж нуун дарагдуулсан бол энэ хуулийн 255.1 хамаарахгүй.

259 дүгээр зүйл. Хадгалж байгаа эд хөрөнгийг худалдах

259.1.Гэрээний нэг тал эд хөрөнгийг хүлээж авахгүй удаасан буюу хадгалахтай холбогдсон зардлыг төлөхгүй бол эд хөрөнгийг хадгалж байгаа тал нь зохих журмын дагуу түүнийг худалдах эрхтэй.  Эд хөрөнгийг худалдах тухай нөгөө талдаа долоо хоногийн дотор мэдэгдэх үүрэгтэй.

259.2.Энэ хуулийн 259.1-д зааснаар эд хөрөнгийг худалдсан үнээс түүнийг хадгалах, худалдахтай холбогдсон зардлыг суутган тооцож үлдсэн мөнгийг нөгөө талдаа шилжүүлнэ.

259.3.Энэ хуулийн 258 дугаар зүйлд заасан тохиолдолд хадгалах эд хөрөнгө нь түргэн муудах буюу үнэ нь буурах, эсхүл түүнийг хадгалахад харьцангуй өндөр зардал шаардагдахаар бол хадгалах үүрэг бүхий тал нь энэ зүйлд заасан журмын дагуу түүнийг худалдах үүрэгтэй.

286 дугаар зүйл. Барьцаалан зээлдэх журмаар зээл олгох

286.1.Барьцаалан зээлдэх газар нь зээлийн гэрээний үүргийг хангуулахаар зээлдэгчээс хөдлөх эд хөрөнгийг барьцаанд бариулахыг шаардах эрхтэй.

286.2.Барьцаалан зээлдэх газраас олгох  зээлийн  хүүг талууд тохиролцон тогтооно.

286.3.Зээлдэгч зээлсэн мөнгө болон түүний хүүг хугацаанд нь буцаан төлөөгүй тохиолдолд барьцаалан зээлдэх газар барьцаалагдсан хөрөнгийг худалдан борлуулах замаар үүргийг хангуулах тухай зээлдэгчид нэн даруй бичгээр мэдэгдэнэ. Ийнхүү мэдэгдсэнээс хойш арав хоногийн дотор зээлдэгч үүргээ гүйцэтгээгүй бол барьцааны зүйлийг комиссийн буюу дуудлага худалдаагаар худалдаж, борлуулсан үнийн дүнгээс үүргийг хангуулж үлдсэн мөнгийг буцаан олгоно.

286.4.Барьцаалан зээлдэх газар нь гэрээний хугацаанд барьцааны зүйлийн бүрэн бүтэн байдлыг хангах үүрэгтэй, харин уг зүйлийг өмчлөх болон бусад хэлбэрээр захиран зарцуулах эрхгүй.

286.5.Хуульд өөрөөр заагаагүй бол барьцаалан зээлдэх газраас олгох зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна.

/Энэ хэсэгт 2011 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

286.6.Барьцаалан зээлдэх газраас зээл олгоход энэ хуулийн 157.1.3, 157.2.1, 157.2.2, 157.3, 159.2, 159.5 дахь заалтууд нэгэн адил хамаарна.

332 дугаар зүйл. Гэрээ дуусгавар болох үеийн талуудын эрх, үүрэг

332.1.Аж ахуйн үйл ажиллагааг зохих ёсоор явуулсны үр дүнд бий болсон ургацаа хураан аваагүй байхад түрээсийн гэрээ дуусгавар болсон бол түрээслэгч  түрээсийн гэрээг сунгахыг түрээслүүлэгчээс шаардах, эсхүл хураан аваагүй байгаа ургацын өртгийг түрээслүүлэгч түрээслэгчид төлөх үүрэгтэй.

332.2.Хөдөө аж ахуйн зориулалттай газрын түрээсийн хугацаа дуусахад түрээслэгч нь түрээслүүлэгчид газар, барилга байгууламж, тоног төхөөрөмжийг ердийн буюу гэрээгээр тохиролцсон элэгдлийг тооцож аж ахуйн хэвийн үйл ажиллагааг үргэлжлүүлэх шаардлагад тохирохоор бүрэн бүтэн хүлээлгэн өгөх  үүрэгтэй.

332.3.Түрээслэгч нь түрээслэн авсан эд хөрөнгийг анх хүлээн авах үеийнхээс илүү чанаржуулан үлдээхээр бол түрээслүүлэгчээс нөхөн төлбөр шаардах эрхтэй.

332.4.Түрээсийн гэрээ дуусгавар болоход түрээслэгч нь салгаж болох засан сайжруулалтыг салгаж  авах буюу түрээслүүлэгч нь зохих үнийг төлж өөртөө авч болно.

332 дугаар зүйл. Гэрээ дуусгавар болох үеийн талуудын эрх, үүрэг

332.1.Аж ахуйн үйл ажиллагааг зохих ёсоор явуулсны үр дүнд бий болсон ургацаа хураан аваагүй байхад түрээсийн гэрээ дуусгавар болсон бол түрээслэгч  түрээсийн гэрээг сунгахыг түрээслүүлэгчээс шаардах, эсхүл хураан аваагүй байгаа ургацын өртгийг түрээслүүлэгч түрээслэгчид төлөх үүрэгтэй.

332.2.Хөдөө аж ахуйн зориулалттай газрын түрээсийн хугацаа дуусахад түрээслэгч нь түрээслүүлэгчид газар, барилга байгууламж, тоног төхөөрөмжийг ердийн буюу гэрээгээр тохиролцсон элэгдлийг тооцож аж ахуйн хэвийн үйл ажиллагааг үргэлжлүүлэх шаардлагад тохирохоор бүрэн бүтэн хүлээлгэн өгөх  үүрэгтэй.

332.3.Түрээслэгч нь түрээслэн авсан эд хөрөнгийг анх хүлээн авах үеийнхээс илүү чанаржуулан үлдээхээр бол түрээслүүлэгчээс нөхөн төлбөр шаардах эрхтэй.

332.4.Түрээсийн гэрээ дуусгавар болоход түрээслэгч нь салгаж болох засан сайжруулалтыг салгаж  авах буюу түрээслүүлэгч нь зохих үнийг төлж өөртөө авч болно.

/Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль 2-дугаар бүлэг 5-р зүйлийн 5.4-ийг, 6-дугаар зүйлийн 6.3, 6.5, 10-дугаар зүйлийн 10.1, 10.5-ийг үзнэ үү/

 

ТАВИН ХОЁРДУГААР БҮЛЭГ

ЗӨРЧЛИЙН УЛМААС ҮҮСЭХ ҮҮРЭГ

Гэм хор учруулснаас үүсэх үүрэг

497 дугаар зүйл. Гэм хор учруулснаас хариуцлага хүлээх үндэслэл

497.1.Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд  хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.

497.2.Гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөнө.

497.3.Гэм хор учруулахад хэд хэдэн этгээд оролцсон бол тэдгээр нь уг гэм хорыг хамтран хариуцах бөгөөд энэ тохиолдолд шууд гэм хор учруулсан этгээд төдийгүй, түүнийг уруу татсан, дэмжин тусалсан, түүнчлэн гэм хор учруулсны үр дүнг санаатай ашигласан этгээд нэгэн адил хариуцлага хүлээнэ.

498 дугаар зүйл. Байгууллага, албан тушаалтан бусдад гэм хор учруулсны хариуцлага

498.1.Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ.

498.2.Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана

498.3.Хохирогч өөрөө санаатай буюу илтэд болгоомжгүй хандсан, эсхүл хууль тогтоомжид нийцсэн арга хэрэгслээр үүсч болох хохирлоос урьдчилан сэргийлэх  оролдлого хийгээгүйгээс өөрт нь гэм хор учирсан бол энэ хуулийн 498.1, 498.2-т заасан байгууллагыг хариуцлагаас чөлөөлж болно.

498.4.Хууль бусаар яллагдагчаар татагдсан, ял шийтгүүлсэн, баривчлагдсан, саатуулагдсан буюу гадагш явахгүй гэсэн баталгаа өгсөн, захиргааны  журмаар баривчлагдсан этгээдийн зөрчигдсөн эрхийг сэргээсэн тохиолдолд түүнд учирсан хохирлыг хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор болон шүүгчийн буруутай эсэхээс үл хамааран төр хариуцан арилгана.

498.5.Энэ хуулийн 498.1, 498.2, 498.4-т заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй.

499 дүгээр зүйл. Тээврийн хэрэгслийн ашиглалтаас үүссэн гэм хорыг арилгах

499.1.Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй.

499.2.Агаарынхаас бусад тээврийн хэрэгслийг ашиглах явцад гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдал үүссэнээс гэм хор учирсан бол энэ хуулийн 499.1-д заасан үүрэг үүсэхгүй.

499.3.Хэн нэг этгээд өмчлөгч буюу эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр тээврийн хэрэгслийг ашигласнаас бусдад хохирол учирсан бол гэм хорыг тухайн этгээд хариуцах боловч өөрийн буруугаас тээврийн хэрэгслийг ашиглах боломж олгосон өмчлөгч буюу эзэмшигч хариуцлагаас чөлөөлөгдөхгүй.

499.4.Тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол  бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй.

500 дугаар зүйл. Барилга байгууламж барих, ашиглах явцад учирсан гэм хорыг хариуцах

500.1.Зохих ёсоор арчилж хамгаалаагүй, гэмтэл согогтой байснаас бусад тохиолдолд байшин барилга бүтэн буюу хэсэгчлэн нурсны улмаас учирсан гэм хорыг тухайн барилгыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцна.

500.2.Гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдлын улмаас, эсхүл хохирогчийн буруутай үйл ажиллагааны улмаас байшингаас ямар нэг зүйл унасан, хаягдсан буюу асгарсны улмаас гэм хор учирсан бол тухайн байшин барилгыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцлага хүлээхгүй.

501 дүгээр зүйл. Амьтны учруулсан гэм хорыг хариуцах

501.1.Амьтны үйлдлээс хүний амь нас, эрүүл мэндэд учирсан гэм хорыг тухайн амьтныг өмчлөгч буюу эзэмшигч хариуцна.

501.2.Гэрийн тэжээвэр амьтан, эсхүл мэргэжлийн үйл ажиллагааны зүйл болдог бусад амьтны үйлдлээс бусдад гэм хор учирсан нь тухайн амьтныг өмчлөгч буюу  эзэмшигчийн санаатай буюу илт болгоомжгүй үйлдэлтэй холбоогүй бол тэрээр гэм хорыг хариуцахгүй.

502 дугаар зүйл. Орчин тойрондоо аюултай үйл ажиллагаа болон орчин тойрондоо аюултай бусад зүйлээс учирсан гэм хорыг хариуцах

502.1.Барилга байгууламжийн хийц, зохион байгуулалтыг дур мэдэн  өөрчилсөн, эсхүл түүнд байрлуулсан буюу дамжуулан оруулсан эрчим хүч, галын болон тэсрэх аюултай, хортой бодисын улмаас  бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд гэм хор учирсан бол уг гэм хорыг тухайн үйл ажиллагаа явуулж байгаа этгээд, эсхүл  аюултай зүйлийг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй.

502.2.Онцгой аюул учруулж болох барилга байгууламж, эд хөрөнгийг өмчлөгч буюу эзэмшигч нь гэм буруутай байсан эсэхээс үл хамааран энэ хуулийн 502.1-д заасан гэм хорыг хариуцна.

502.3.Өмчлөгчийн эзэмшилд байгаа барилга байгууламж дотор буюу түүний эдлэн газрын хил хязгаарын дотор бусдад гэм хор учирсан боловч түүнд өмчлөгч буруугүй бол тэрээр хариуцлага хүлээхгүй.

505 дугаар зүйл. Бусдын эрүүл мэндэд учирсан гэм хорыг арилгах

505.1.Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.

505.2.Гэм хор учруулах үед хохирогч цалин хөлс, орлогогүй байсан бол тэрээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүй хэмжээний нөхөн төлбөр шаардах эрхтэй.

512 дугаар зүйл. Бараа, бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээний дутагдлын улмаас үүссэн гэм хорыг арилгах

512.1.Чанар муутай бараа, бүтээгдэхүүн үйлдвэрлэгч нь хохирогчтой гэрээний харилцаатай байсан эсэхээс үл хамааран уг бараа, бүтээгдэхүүний улмаас учирсан гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.

512.2.Бараа, бүтээгдэхүүн үйлдвэрлэгч дараахь тохиолдолд энэ хуулийн 512.1-д заасан хариуцлагаас чөлөөлөгдөж болно:

512.2.1.уг бараа, бүтээгдэхүүнийг борлуулах зорилгоор үйлдвэрлээгүй;

512.2.2.борлуулахаар үйлдвэрлэн гаргах үед тухайн бараа, бүтээгдэхүүн бусдад хохирол учруулахуйц байгаагүй гэдгийг баримтаар нотолсон;

512.2.3.бараа, бүтээгдэхүүн гэмтэл согогтой боловч үйлдвэрлэн гаргах үед тухайн үеийн норм, стандартад тохирч байсан;

512.2.4.бараа, бүтээгдэхүүнийг борлуулахаар үйлдвэрлэн гаргах үеийн шинжлэх ухаан, техникийн түвшнээс шалтгаалан тэдгээрийн гэмтэл согогийг илрүүлэх боломжгүй байсан;

512.2.5.тухайн бараа, бүтээгдэхүүнийг хадгалах, ашиглах журам зөрчсөний улмаас гэм хор учирсан болохыг түүнийг худалдсан буюу үйлдвэрлэсэн этгээд нотолсон.

512.3.Энэ хуулийн 512.2.5-д заасан зөрчлийн улмаас бусдад гэм хор учирсан бол уг зөрчил гаргасан этгээд гэм хорыг хариуцна.

512.4.Ажил, үйлчилгээний дутагдлын улмаас үүссэн гэм хорыг хариуцахад энэ зүйлд заасан журам нэгэн адил үйлчилнэ.

513 дугаар зүйл. Гэм хор учруулснаас төлсөн төлбөрийг буцаан нэхэмжлэх шаардлага  

513.1.Бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдуулан төлбөр төлсөн нийгмийн даатгал, нийгмийн хангамжийн буюу бусад хуулийн этгээд нь гэм буруутай иргэн болон хуулийн этгээдээс төлбөр, тусламжаа буцаан нэхэмжлэх эрхтэй.

513.2.Гэм хорыг хариуцвал зохих иргэн, хуулийн этгээд нь буцаан нэхэмжилсэн шаардлагын дагуу уг  хуулийн этгээдийг хохиролгүй болгох үүрэгтэй.

513.3.Гэм хор учруулсны төлбөрийн хэмжээ нь энэ хуулийн 507 дугаар зүйлд заасан үндэслэлээр багасвал буцаан нэхэмжлэх шаардлагын дагуу хүлээх хариуцлагын хэмжээ нэгэн адил багасна.

514 дүгээр зүйл. Хохирогчийн гэм буруу, гэм хор учруулагчийн эд хөрөнгийн байдлыг харгалзан үзэх  

514.1.Гэм хор учрах буюу түүнээс үүдэн гарах хохирлын хэмжээ нэмэгдэхэд хохирогчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл, эс үйлдэл нөлөөлсөн бол уг нөхцөл байдлыг харгалзан хариуцах гэм хорын хэмжээг багасгаж болно.

514.2.Санаатай гэмт хэргийн улмаас учруулснаас бусад гэм хорыг нөхөн төлөх хэмжээг тогтоохдоо гэм хор учруулагчийн эд хөрөнгийн байдлыг харгалзан шүүх багасгаж болно.