• This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
  • +976 11-327957

Өргөдөл гомдол өгөх

Хэрэглэгчдийн эрхийг хамгаалах үндэсний хөтөлбөр

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2009 оны 12 сарын 23-ны өдөр

дугаар 371

Улаанбаатар хот

Хэрэглэгчийн эрхийг хамгаалах
үндэсний хөтөлбөрийг батлах тухай

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн 2.1.28-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас тогтоох нь:

  1. Хэрэглэгчийн эрхийг хамгаалах үндэсний хөтөлбөрийг 1 дүгээр хавсралт, хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.
  2. Хөтөлбөрт тусгагдсан зорилтыг хэрэгжүүлэх үйл ажиллагаа болон шаардагдах хөрөнгийг жил бүр улсын болон орон нутгийн төсөвт тусгаж, олон улсын байгуулага, гадаадын зээл, тусламж, хөтөлбөрт хамруулан санхүүжүүлэх арга хэмжээ авч ажиллахыг Монгол Улсын Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг, Сангийн сайд Баярцогт, аймаг, нийспэлийн Засаг дарга нарт даалгасугай.
  3. “Хэрэглэгчийн эрхийг хамгаалах үндэсний хөтөлбөр”-ийн хэрэгжилтийн явц дүнг жил бүрийн 1-р улиралд багтаан Засгийн газарт танилцуулж байхыг Монгол Улсын Тэргүүн шадар сайд Н.Алтанхуягт үүрэг болгосугай.
  4. “Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах үндэсний хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг орон нутагг зохион байгуулж дүнг жил бүрийн 2 дугаар сарын 1-ны дотор Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт ирүүлж байхыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.

Монгол Улсын ерөнхий сайд                         С.Батболд

Монгол Улсын Тэргүүн шадар сайд      Н.Алтанхуяг

 

Засгийн газрын 2009 оны 371 дүгээр

тогтоолын 1 дүгээр хавсралт

ХЭРЭГЛЭГЧИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Хөтөлбөр боловсруулах үндэслэл

Монгол Улс зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжин орсноор хэрэглэгчийн эрхийг хамгаалах асуудал илүү хурцаар тавигдаж, хэрэглэгчийг төлөөлөн ажиллах анхны бүтэц болох төрийн бус байгууллага буюу  Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг 1990 онд байгуулагдсан.


1991 онд Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийг баталж, 1992 онд  Монгол Улсын Засгийн газар Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий ассамблейгаас сайшаан дэмжсэн "Хэрэглэгчийн эрхийг хамгаалахад баримтлах үндсэн зарчим"-ыг хүлээн зөвшөөрч, "Монголын хэрэглэгчдийн эрхийн тухай тунхаг"-ийг 1993 онд батласан. Улмаар 2003 онд Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталснаар хэрэглэгчийн эрхийг хамгаалах эрх зүйн үндэс бий болсон.

Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн  2.1.28-д “үндэсний бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээний чанар, өрсөлдөх чадвар, хэрэглээний аюулгүй байдлыг дээшлүүлэх, экологийн аюулгүй орчныг бүрдүүлэх, хэрэглэгчийг чанартай, аюулгүй бүтээгдэхүүнээр хангахад стандартчлал, хэмжил зүй, тохирлын үнэлгээгээр дэмжлэг үзүүлэх ажлыг эрс сайжруулна” гэсэн зорилт дэвшүүлсэн нь энэхүү хөтөлбөрийг боловсруулах үндэслэл болж байна.

Түүнчлэн хүний хөгжил, хүн амын өсөлтийг хангах, нийгмийн таатай орчин бүрдүүлж, хүн амыг эрүүл, аюулгүй, тэжээллэг хүнсээр жигд, хүртээмжтэй хангах зорилгоор энэхүү хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлэх шаардлага бий болж байна.

Хэрэглэгчийн эрхийг хамгаалах асуудлыг өнөөг хүртэл Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн үндэсний холбоо болон орон нутгийн нийгэмлэгүүд хариуцан ажиллаж ирсэн болно.

Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах байгууллага нь хэрэглэгчийн эрх хөндөгдсөн маргаан, гомдлыг мэргэжлийн хяналтын байгууллага зэрэг холбогдох төрийн байгууллагад уламжлан, тухай бүр хамтран ажиллаж мөн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдээс хэрэглэгчдэд ээлтэй байдлыг бүрдүүлэхэд нөлөөлөх урамшууллын ажлыг зохион байгуулж ирсэний үр дүнд хэрэглэгчдэд чанартай бүтээгдэхүүн, үйлчилгээ хүргэж, зах зээлийг шударга өрсөлдөөнтэй байлгахад зохих хэмжээний дэмжлэг болж иржээ.

Гэвч сүүлийн 20 жилийн хугацаанд хэрэглэгчийн эрхийг хамгаалах чиглэлийн хуулийн хэрэгжилт үндэсний болон орон нутгийн хэмжээнд хангалтгүй, уг чиг үүргийг хэрэгжүүлж байгаа төрийн бус байгууллага, салбар нэгжийн хувьд үйл ажиллагааны чадавхи бүрдэхгүй байсаар байгаа нь энэхүү асуудлыг шийдвэрлэх шаардлага бий болсоныг харуулж байна.

Эдийн засгийн хямрал болон иргэдийн худалдан авах чадвар муу байгаа нь нийгэмд хуурамч, чанарын шаардлага хангахгүй бараа, ажил, үйлчилгээ ихээр гарах нөхцөл бий болж улмаар хэрэглэгч зах зээлээс эрэлт хэрэгцээндээ нийцүүлэн хямд, аюулгүй, чанартай бараа, ажил, үйчилгээ сонгон авах боломжийг бууруулж байна.

Монгол Улсын иргэн бүрийн эрх ашгийг хамгаалах, улмаар худалдаа, үйлчилгээ, үйлдвэрлэл, бараа бүтээгдэхүүн, мэдээлэл хангамж зэрэг бүх салбарт хэрэглэгчийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, хүрээлэн байгаа орчинд хор хөнөөлгүй, хүнсний аюулгүй байдлыг дээшлүүлэхэд чиглэсэн үр дүнтэй тогтолцоо бий болгох, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах асуудлыг шинэ шатанд гаргах шаардлага бий болж байна.

Хоёр. Хөтөлбөрийн зорилго, зарчим, зорилтууд

2.1. Хөтөлбөрийн зорилго

Хөтөлбөрийн зорилго нь хэрэглэгчдийн эрхийг хамгаалах эрх зүйн таатай орчинг бүрдүүлэх, хэрэглээний соёл, хэрэглэгчийн эрхийн тухай мэдлэг, боловсрол олгох, тэдний эрхийг хамгаалах, уг үйл ажиллагаанд төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, олон нийтийн оролцоог дээшлүүлэхэд оршино.

2.2. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх зарчим

           2.2.1. худалдаа, үйлчилгээ, үйлдвэрлэлийн бүхий л салбарт ХЭРЭГЛЭГЧ -ХААН гэсэн зарчмыг баримтлах;

           2.2.2. иргэдийн хэрэглээний соёл, хэрэглэгчийн эрхийн тухай мэдлэг, боловсролыг дээшлүүлэхэд түлхүү анхаарал хандуулах;

           2.2.3. хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр иргэд, төрийн бус байгууллагын бүтээлч санал, санаачлагыг төрөөс дэмжиж ил тод байдлыг эрхэмлэх;

           2.2.4.хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах үр ашигтай, шинэлэг бүхий л арга хэлбэрийг дэмжих, хөрөнгийг оновчтой, үр өгөөжтэй зарцуулах; 

2.3. Хөтөлбөрийн зорилтууд

Хөтөлбөрийн зорилгын хүрээнд дараахь зорилтуудыг дэвшүүлж байна:

           2.3.1.  хэрэглэгчийн эрхийг хамгаалах эрх зүйн орчинг боловсронгуй болгох;

           2.3.2.хэрэглэгчдэд мэдээлэл, зөвлөгөө өгч тэдний хэрэгцээ шаардлагад нь нийцсэн сургалт, сурталчилгааны ажлыг зохион байгуулах үр ашигтай тогтолцоог бүрдүүлэх;

           2.3.3.хэрэглэгчдийн эрх ашиг түгээмэл хөндөгддөг салбарт тавих хяналтыг сайжруулах;

           2.3.4. хэрэглэгчдийн эрхийг хамгаалахад төрийн болон төрийн бус байгууллага, бизнес эрхлэгчдийн гүйцэтгэх үүргийг нэмэгдүүлэх;

Гурав. Хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагаа

3.1. Хэрэглэгчдийн эрхийг хамгаалах эрх зүйн орчинг боловсронгуй болгох  зорилтын хүрээнд дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

            3.1.1. хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль болон холбогдох хууль тогтоомжид хэрэглэгчийн эрхтэй холбоотой асуудлаар нэмэлт, өөрчлөлт оруулах;

            3.1.2. хэрэглэгчийн эрхийг хамгаалахтай холбогдсон олон улсын гэрээ, конвенцид нэгдэх, олон улсын жишигт нийцсэн шаардлага, стандарт боловсруулж батлуулах; 

           3.1.3. хэрэглэгчийн эрхийг хамгаалах ажлыг нутгийн өөрөө удирдах болон нутгийн захиргааны байгууллага, тодорхой салбарын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага нь уг асуудлыг хариуцсан төрийн байгууллагатай хамтран ажиллах тогтолцоог бий болгох;

           3.1.4. үйлдвэрлэл, үйлчилгээг хаалттай орчинд явуулах, бараа бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдалд хэрэглэгчийн зүгээс тавих хяналтыг сааруулж байгаа зөрчлийг арилгах чиглэлээр эрх зүйн орчинг бүрдүүлэх;

3.2. “Хэрэглэгчдэд мэдээлэл зөвлөгөө өгч, хэрэгцээ  шаардлагад нь нийцсэн сургалт, сурталчилгааны ажлыг зохион байгуулах үр ашигтай тогтолцоо бүрдүүлэх” зорилтын хүрээнд дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

            3.2.1. ерөнхий боловсролын сургуулийн сургалтын хөтөлбөрт хэрэглээний соёл, хэрэглэгчийн эрхийн тухай агуулгыг тусгах;

            3.2.2 хэрэглэгчийн боловсрол, соёлыг дээшлүүлэх, сургалт сурталчилгааны арга хэмжээ тогтмол зохион байгуулах, хэрэглэгчдийг мэдээллээр хангах боломжийг бүрдүүлэх;

            3.2.3. хэрэглэгчийн эрхийг хамгаалах чиг үүрэг бүхий төрийн захиргааны байгууллагын ажилтнуудыг мэргэшүүлэх, дадлагжуулж тэдгээрт зориулсан сургалт зохион байгуулах, гадаад орнуудад болон олон улсын байгууллагын зүгээс зохион байгуулж байгаа сургалт семинарт хамруулах, туршлага судлуулах, гадаад харилцааг хөгжүүлэх;

            3.2.4. хэрэглэгчийн санал гомдлыг хүлээн авах, зөвлөлгөө зөвлөмж өгөх тусгай зориулалтын нээлттэй утас ажиллуулах, “Хэрэглэгчийн эрхийг хамгаалах олон улсын өдөр”-ийг тэмдэглэхдээ олон нийтэд хандсан хөдөлгөөн, аяныг аж ахуйн нэгж болон төрийн бус байгууллагуудтай хамтран зохион байгуулж хэвшүүлэх;

            3.2.5. аж ахуйн нэгжийн худалдаа, үйлчилгээний цэг, салбаруудад бараа, үйлчилгээнийхээ талаар хэрэглэгчдийг үнэн бодит мэдээллээр хангах зорилго бүхий “Хэрэглэгчийн булан”-г байгуулж ажиллуулах;

            3.2.6. хэрэглэгчийн эрхийг хамгаалах хууль тогтоомжийг тайлбарлан таниулах, сурталчилах ажлыг зохион байгуулах;

            3.2.7. Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн үндэсний холбоо, аймаг нийслэлийн хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн сургалт, сурталчилгаа, хууль, эрх зүйн зөвлөгөө өгөх чадавхийг бэхжүүлэх;

3.3. Хэрэглэгчдийн эрх ашиг түгээмэл хөндөгддөг салбаруут тавих, хяналтыг сайжруулах зорилтын хүрээнд дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

           3.3.1. худалдаа, үйлчилгээний салбар, тухайлбал: хүнсний дэлгүүр, зах, зоогийн газар, зочид буудал, саун, үсчин, гоо сайхны газар, ахуйн үйлчилгээ, нийтийн тээврийн газарт холбогдох стандарт, техникийн нөхцөл, эрүүл ахуй, ариун цэврийн норм нормативыг мөрдүүлж, хэрэглэгч нэг бүрд хандсан соёлч боловсон үйлчилгээ үзүүлэх нөхцөлийг бүрдүүлэх;

           3.3.2. барилга, нийтийн аж ахуйн салбарт барилгын чанар, талбайн хэмжээг тооцох аргачлал, барилгын зар мэдээлэл болон орон сууцны конторын үйл ажиллагааг хэрэглэгчдийн шаардлага, цаг үеийн бодит байдалд нийцүүлэх  нөхцөлийг бүрдүүлэх;

           3.3.3. мэдээлэл, шуудан харилцаа холбоо,  технологийн салбарт компьютер, түүний дагалдах хэрэгслэл, интернэт үйлчилгээ болон  гар утас, түүний дагалдах хэрэгслэл, цахилгаан хэрэгслэлийн худалдааг олон улсын стандарт жишигт нийцүүлэх;

           3.3.4. хүнсний бүтээгдэхүүний салбарт, тухайлбал: талх, нарийн боов, сүү, сүүн бүтээгдэхүүн, ус, ундаа, архи, согтууруулах ундаа, мах, махан бүтээгдэхүүн, хүнсний  ногоо, жимс, жимсгэнэ зэрэг бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах;

           3.3.5. борлуулж байгаа импортын эм, хүнсний нэмэлт бүтээгдэхүүний зааврыг  монгол хэл дээр гаргах, хувийн эмнэлэг, рашаан сувилал, амралтын газруудын үйлчилгээний орчин нөхцөлийг сайжруулах;

           3.3.6. гадаад хэл болон мэргэжлийн сургалтын төвүүд, соёл урлаг, үзвэрийн газрын үйчилгээний орчин, нөхцөлийг сайжруулах;

           3.3.7. банк, санхүү, даатгалын салбарт хэрэглэгчийг хохироохоос урьдчилан сэргийлж, борлуулж байгаа бараа бүтээгдэхүүн, ажил үйлчилгээнд хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах зорилгоор  хяналт тавих;

           3.3.8. бараа бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний зар сурталчилгааг бодит байдалд нийцүүлж, хэрэглэгчийг төөрөгдүүлсэн болон худал ташаа мэдээллээс тэднийг хамгаалах механизмыг бүрдүүлэх;

           3.3.9. хүнсний болон бусад төрлийн бараа бүтээгдэхүүн нь хэрэглэгчийн шаардлага хангаж байгаа  эсэхэд анхан шатны  чанар, аюулгүй байдлын шинжилгээ хийх зориулалт бүхий хөндлөнгийн лаборатори байгуулах;

           3.3.10. стандартын шаардлага хангахгүй болон хуурамч бараа, бүтээгдэхүүн, эм, бэлдмэлийн хэрэглээг хязгаарлах, улсын хилээр нэвтэрүүлэхгүйгээр устгах, эсхүл буцаан гаргаж байх чиглэлээр холбогдох мэргэжлийн байгууллагууд идэвхтэй хамтран ажиллах нөхцөл бүрдүүлэх;

           3.3.11. аймаг, нийслэл, сум, дүүрэг, хороо бүрт хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах орон тооны бус шинжээч, сайн дурын ажилтан ажиллуулах, тэднийг ажлын үр дүнгээр нь урамшуулах механизмыг бий болгох;

3.4. Хэрэглэгчийн эрхийг хамгаалахад төрийн болон төрийн бус байгууллага, бизнес эрхлэгчдийн гүйцэтгэх үүргийг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

           3.4.1. хэрэглэгчийн эрхийг хамгаалах чиг үүрэг бүхий төрийн захиргааны байгууллагууд харилцан мэдээлэл солилцох нэгдсэн цахим сүлжээ бий болгох;

           3.4.2. хэрэглэгч эрхээ хамгаалуулах үйл ажиллагаанд саад учруулж байгаа төрийн захиргааны болон аж ахуйн нэгжийн шийдвэрийг хянуулах, шаардлагатай гэж үзвэл хүчингүй болгуулах асуудлыг эрх бүхий байгууллагад тавьж шийдвэрлүүлэх;

           3.4.3.  үйл ажиллагаагаа хэрэглэгчийн өмнө ил тод, нээлттэй явуулдаг, итгэлтэй бизнес эрхлэгч, аж ахуйн нэгжийг дэмжиж ажиллах;

3.5. Хэрэглэгчдийн эрхийг хамгаалах чиглэлээр төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.

           3.5.1. яам, хэрэглэгчийн эрхийг хамгаалах төрийн захиргааны байгууллага

- хэрэглэгчийн эрхийг хамгаалах талаархи хууль тогтоомж болон салбарын бусад хуулийн хэрэгжилтийг хангуулах;

- хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг хангуулах, хамтран ажиллах;

           3.5.2 аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, иргэдийн Төлөөлөгчдийн хурал

- үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг салбар, орон нутгийн хэмжээнд зохион байгуулах, дүнг нэгтгэн нийтэд мэдээлэх;

- сум, дүүргийн Засаг дарга, иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, орон нутгийн хэрэглэгчдийн эрхийг хамгаалах төрийн бус байгууллагуудыг бүхий л талаар дэмжиж, бүтээгдэхүүн нийлүүлэх, хамтран ажиллах гэрээ байгуулах;

           3.5.3 хэрэглэгчийн эрхийг хамгаалах төрийн бус байгууллага:

- хэрэглэгчийн санал хүсэлтийг нэгтгэн илэрхийлэх, хэрэглэгчдийн нийгмийн өмнө хүлээх үүргийг дээшлүүлэн идэвхжүүлэгч, санаачлагч, зохион байгуулагч нь байх;

-олон улсын байгууллага, төсөл, хөтөлбөрүүдтэй хамтран ажиллаж, хэрэглэгчдийн талаар судалгаа хийх, дүнг нийтэд мэдээлэх;

-хэрэглэгчдэд эрхээ хэрэгжүүлэх мэдлэг, хэрэглээний соёл эзэмшүүлэх үйл ажиллагаа явуулах;

           3.5.4 Хувийн хэвшил, аж ахуй нэгж, байгууллага:

                  -Бизнесийн үйл ажиллагаандаа хэрэглэгчийн эрхийг хамгаалах хууль тогтоомж  болон холбогдох хуулинд заасан эрх, үүргийг чанд мөрдөж ажиллах;

                  - Хэрэглэгчийг “ХААН”-д өргөмжилж, зохистой үнэ бүхий, чанарын шаардлага хангасан, хэрэглэгчийн амь насанд аюулгүй, эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд сөрөг нөлөөгүй бараа бүтээгдэхүүн, ажил үйлчилгээгээр хангах.

                  - ажил, үйлчилгээндээ дэвшилтэд арга технологи нэвтрүүлэх, үйл ажиллагаагаа хэрэглэгчдэд ил тод нээлттэй байлгах;

                  - аж ахуйн нэгж, байгууллагын  нийгмийн хариуцлагыг дээшлүүлэх.

Дөрөв. Хөтөлбөрийн удирдлага, зохион байгуулалт, хугацаа, санхүүжилт

4.1. Удирдлага, зохион байгуулалт, хяналт

           4.1.1. хөтөлбөрийн хэрэгжилтийг улсын хэмжээнд зохион байгуулах, уялдуулан зохицуулах, хяналт тавих үүргийг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, хэрэглэгчийн эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллага хамтран хэрэгжүүлнэ;

           4.1.2 аймаг, нийслэлийн Засаг даргын дэргэд Хэрэглэгчийн эрхийн зөвлөл байгуулан ажиллуулж болох бөгөөд зөвлөлийн бүрэлдэхүүнд орон нутгийн хэрэглэгчийн эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөллийг оруулж болно.

4.2. Хөтөлбөрийг 2010-2012 оны хооронд хэрэгжүүлнэ.

4.3. Хөтөлбөрийн санхүүжилтийг дараахь эх үүсвэрээс бүрдүүлнэ.

           4.3.1. улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө;

           4.3.2. гадаад, дотоодын төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн хандив, тусламж;

           4.3.3. олон улсын байгууллага, хандивлагч орны тусламж болон төсөл, хөтөлбөрийн санхүүжилт;

           4.3.4. бусад эх үүсвэр.

Тав. Хөтөлбөрийн үр дүн, шалгуур үзүүлэлтүүд

5.1. Хэрэглэгчийн эрхийг хамгаалах үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлснээр дараахь үр дүн гарна:

            5.1.1. Эрх зүйн орчны чиглэлээр:

            - хэрэглэгчийн эрхийг хамгаалах эрх зүйн орчин сайжирсан байна;

            - олон улсын гэрээ, конвенцийн дагуу стандарт, хэм хэмжээ, бусад шаардлагууд батлагдсан байна.

            5.1.2 Сургалт, сурталчилгааны чиглэлээр:

            - хэрэглэгчийн хэрэглээний соёлын талаархи мэдлэг, хандлага дээшилсэн байна;

            -  хэрэглэгчид сургалт, сурталчилгаа, зөвлөгөө өгөх тогтолцоо бүрдсэн байна;

            - аймаг, нийслэл, дүүрэгт хэрэгэлгчийн эрх ашгийг хамгаалах салбар нэгжүүдийн үйл ажиллагааны чадавхи бэхжсэн байна;

            - гадаадын хандив, буцалтгүй тусламж, төсөл, хөтөлбөр хэрэгжиж хэрэглэгчийн эрхийг хамгаалах шинэлэг арга, хэлбэр бий болсон байна.

            5.1.3. Хэрэглэгчийн эрх түгээмэлд хөндөгддөг салбаруудын чиглэлээр.

            -хэрэглэгчийн эрх түгээмэл зөрчигдөж болзошгүй худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний бүхий л салбаруудын ажил, үйлчилгээний чанар, хүртээмж шаардлага хангах түвшинд хүрсэн байна;

            -өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүнд шинжилгээ хийж дүгнэлт гаргадаг, төрийн бус байгууллагын оролцоонд түшиглэсэн, хараат бус хөндлөнгийн лаборатори байгуулж шинжилгээ хийх боломж бүрдсэн байна.

            5.1.4. Төрийн болон төрийн бус байгууллагын чиглэлээр:

            -хэрэглэгчийн эрхийг хамгаалах төрийн байгууллагуудын оновчтой тогтолцоо бий болж, боловсон хүчний болон үйл ажиллагааны чадавхи бэхжсэн байна;

            -төрийн бус байгууллагуудын үйл ажиллагаа идэвхжиж үйл ажиллагааны болон санхүүгийн хувьд бэхжсэн байна.

            -хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа төрийн бус байгууллагын үйл ажиллагааны чадавхи дээшилсэн байна.

5.2. Хөтөлбөрийн үр дүнг дараахь шалгуур үзүүлэлтээр үнэлж дүгнэнэ:

            5.2.1. хөтөлбөрт тусгагдсан эрх зүйн орчны хэрэгжилт;

            5.2.2. хэрэглэгчийн мэдлэг, хэрэглээний соёлыг дээшлүүлэх чиглэлээр хийгдсэн сургалт, сурталчилгааны ажлын тоо, чанар, хэрэглэгчдийн боловсролын түвшин;

            5.2.3. хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд хэрэглэгчийн эрх түгээмэл зөрчигддөг салбаруудад худалдаа, үйлдвэрлэл, үйчилгээний хүрээнд гарсан чанарын өөрчлөлт;

            5.2.4. хэрэглэгчдээс ирүүлсэн өргөдөл гомдлын тоо, түүний барагдуулалт, хэрэглэгчийн эрх ашгийг хохироосон болон хууль зөрчсөн аж ахуйн нэгж, тэдгээрт хүлээлгэсэн захиргааны хариуцлагын дүн болон бусад эдийн засгийн үзүүлэлт;

            5.2.5. хөтөлбөрийн үр дүнг үнэлэхдээ тухайн жилийн  нийгэм, эдийн засгийн байдал, зах зээлийн төлөв байдал зэргийг харгалзана.

Pin It